БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД БАГШ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧЭЭ

 

      Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын шинэчлэл эрчимжиж байгаатай уялдуулж Боловсролын болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссаныг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа. Улсын Их Хурал 2002 онд Боловсролын тухай багц хуулийг шинэчилэн баталснаас хойш боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаанд тасралтгүй шинэчлэл хийгдэж ирсэнтэй холбоотойгоор уг хуулинд 2006, 2008 онд нэмэлт өөрчлөлтүүд хийгдэж иржээ.

Энэ удаа дээрх хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого", Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан "Боловсролын үндэсний хөтөлбөр", Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т орсон зорилт, бусад холбогдох хууль, тогтоол, зөвлөмжид нийцүүлэн хийгджээ. Тухайлбал бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх, олон улсын түвшинд сургалтын хөтөлбөр, үйлчилгээний чанар, төгсөгчдийн үнэмлэх нь баталгаажсан, өрсөлдөх түвшний боловсролын үйлчилгээг бий болгох урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын хөтөлбөрөөр Монгол, Англи хос хэл дээр хичээллэх олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудыг шинээр бий болгох, боловсролын стандарт  хөтөлбөрийн шинэчлэлийн тохирцыг шалгах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг туршин хэрэгжүүлэх, аймаг, дүүргийн түвшинд багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх дадлагын төвийн үүрэг бүхий төрийн өмчийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудыг бий болгох эрх зүйн үндсийг энэхүү төсөлд оруулж өгчээ.Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Бага, дунд боловсролын тухай хуулиар бага боловсролыг 6, суурь боловсролыг 9 (6+3),  бүрэн дунд боловсролыг 12 жил (6+3+3)- ийн хугацаанд тус тус эзэмшүүлэхээр заасан. Тэгвэл 21 дүгээр зууны иргэнийг төлөвшүүлэхэд одоогийн 6+3+3 гэсэн сургалтын бүтцийн бүх нийтийн суурь боловсролыг олгоход ногдож байгаа хугацаа хангалтгүй байна. Иймд ерөнхий боловсролын сургалтын бүтцийг 5+5+2 гэсэн бүтэцтэй болгох хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг ч төсөлд тусгажээ. Бас  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөж байгааг хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газартай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилох, мөн газрын үр дүнгийн гэрээг дүгнэсэн санал, дүгнэлтийг үндэслэж чөлөөлөх талаарх зохицуулалтыг тусгасан. Эдгээрээс гадна Боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

-Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга, боловсрол, эрүүл мэндийн бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэх;

-Хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын үндсэн үйл ажиллагаа, сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг зарим ажилтнуудад тухайлбал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш,  цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмч нарт 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгоно.
 
-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэрт гарахад 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана.

Дээд боловсролын тухай хуульд ч нилээдгүй өөрчлөлтүүд орохоор туссан байна. Тухайлбал иргэний хуульд хуулийн этгээд, түүний салбар болон төлөөлөгчийн газрын талаарх зохицуулалт хуульчлагдсан байдаг. Гэтэл дээд боловсролын тухай хуульд "харъяа байгууллага" гэсэн нэр томъёог ашигласнаар дээд боловсролын салбарт зарим зөрчилтэй нөхцөл байдал үүсч байна. Жишээ нь сургалтын чанарын хувьд хангалтгүй зарим сургууль өөр нэр хүнд бүхий сургалтын байгууллагын харъяа сургууль болж, хуулийн этгээдийн эрхтэйгээр иргэний эрх зүйн харилцаанд орж, харъяа удирдах сургуулийнхаа нэр хүндээр хэрэглэгчийг татах сөрөг  жишиг тогтох болсныг өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Тэрчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын зэрэг олгох жишигт нийцүүлэн дээд боловсролын эзэмшүүлэх сургалтыг бакалавр, магистр, докторын гэсэн ангилалыг хуульд тусгах, зарим зохицуулалт хийх  шаардлага тавигдсан. Дээд боловсролын дипломын зэргийг гэрчлэх баримт бичиг нь иргэнийг ямар нэг ажил үйлчилгээ эрхлэх баталгаа болж чадахгүй, практикт бакалаврын сургалтыг дүүргэж чадаагүй суралцагчдад дипломын зэрэг өгдөг болж хувирсан байна.

            Оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын эрх зүйн үндэс, уг шалгалттай холбоотой нийтлэг зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, энэхүү асуудлыг эрхлэх байгууллагын эрх хэмжээг хуулиар тодорхойлох шаардлагыг хуулийн төсөлд тусгаж өгсөн байна.

           Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын хувьд байгууллагын хөгжилд дэмжлэг болж чадахуйц санхүүжилтийн таатай эрх зүйн орчин бүрдэж чадаагүй байгаа.

Төрийн өмчийн сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг хэдхэн чиглэлээр тогтоосон нь сургалтыг төлбөрөөс хараат болгож, нөгөө талаас сургуулийн бие даасан байдлын гол шалгуур болох санхүүгийн удирдлагын бие даасан байдал, хөрөнгө бүрдүүлэх боломжийг  хязгаарлаж, тэр хирээрээ сургалтын байгууллагын хөгжилд бэрхшээл учруулж, чанарт сөргөөр нөлөөлж байна. Төрийн өмчийн сургалтын байгууллага сургалттай холбоотойгоор суралцагчдаас  авах  төлбөр, хураамжийн төрлийг хуульчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ мэт зүйлийг дээд боловсролын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдэд оруулжээ.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Цэцэгээ (зочин) | 2012-03-16 14:30:48
Боловсролын хуулинд өөрчлөлт орж байгаад сэтгэгдэл өндөр байна. Хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.Багш нарын төлөө тавьж анхаарлын 1 хэсэг гэж үзэж баярлаж байнаа. Хэзээ хэрэгжиж эхлэх юм бэ?
2. ЕБС-ийн ажилчдыг тэтгэмж хэдэн ж (зочин) | 2012-08-16 16:27:21
ЕБС-ийн ажилчдыг яагаад багш нараас нь ялгаж байдаг юм бэ? тэтгэвэрт гарахад нь хэдэн жилтэй тэнцэх мөнгөн тэтгэлэг өгөх юм.
3. zul (зочин) | 2012-08-16 16:30:23
эмэгтэйчүүдийн тэтгэвэрийн насыг хүүхэд харгалзахгүйгээр 50 настайд нь гаргаачээ.Залуучууд бид нар ажилтай болмоор байна!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.